

2026 оны намрын билэгт сайн өдрүүд
2026 оны намрын билэгт сайн өдрүүд
Монголчууд хурим найрын өдөр, сарыг сонгохдоо намрын дунд цагаан морь сар болон намрын адаг хөх нохой сарыг хамгийн өлзий бэлгэдэлтэй гэж үздэг. Энэ үед мал таргалж, цагаан идээ элбэгшин, байгаль дэлхий өгөөжөө өгсөн байдаг тул элбэг хангалуун амьдралыг бэлгэддэг уламжлалтай.
Хуримын билэгт өдөр сонгох нарийн ёс
Монголчууд хуримын өдрөө сонгохдоо зөвхөн амралтын өдөр эсвэл тохиромжтой хугацааг бус, уламжлалт зурхайн ёс, билэгдэл, хоёр хүний төрсөн жилийн зохицлыг харгалзан үздэг. Билэгтэй өдөр сонгоно гэдэг нь шинэ амьдралаа аз жаргал, элбэг дэлбэг, эв найрамдалтай эхлүүлэхийг бэлгэддэг уламжлал юм.
Дашням, Балжинням өдөр: Дашням болон Балжинням нь монгол зурхайд хамгийн бэлгэ дэмбэрэлтэй өдрүүдийн тоонд ордог.
-
Дашням өдөр нь хийсэн ажил бүтэмжтэй, аз хийморьтой, элбэг дэлбэг байхыг бэлгэддэг.
-
Балжинням өдөр нь урт удаан наслах, гэр бүл эв найрамдалтай байх, ажил үйлс өөдрөг байхыг ерөөдөг.
Хэрэв эдгээр хоёр сайн өдөр нэг өдөр давхцвал түүнийг онцгой билэгтэй өдөр гэж үздэг бөгөөд хурим, гэрлэлт, шинэ гэрт орох зэрэг амьдралын чухал үйл явдлыг зохион байгуулахад хамгийн тохиромжтой үе юм.
Аргын болон билгийн тооллыг хамтатган сонгох
Хуримын өдрийг сонгохдоо зөвхөн энгийн хуанли бус, уламжлалт зурхайн цаглабарыг ашигладаг.
Үүнд:
-
Хосуудын төрсөн жил, 12 жилийн амьтны зохицол
-
Ивээл жил болон харш жилийн нөлөө
-
Сар, өдрийн сайн муу энергийг
-
Өдрийн хийморь, үйл бүтээх эсэхийг
харгалзан үздэг. Иймээс нэг хүнд маш сайн өдөр нөгөө хүнд тохирохгүй байх тохиолдол байдаг тул тухайн хосын төрсөн онтой уялдуулан өдрөө сонгох нь илүү зохистой гэж үздэг.
Үл тохирох өдрүүдийг цээрлэх
Уламжлалт ёсоор хуримын өдөр сонгохдоо дараах өдрүүдээс аль болох зайлсхийдэг.
-
Хосын аль нэгний төрсөн өдөр: Төрсөн өдөр нь шинэ ажил, хурим зэрэг томоохон үйл явдал давхацахад зохимжгүй гэж үздэг.
-
Төрсөн гариг: Зарим зурхайн ёсоор тухайн хүний төрсөн гарагтай давхцсан өдөр хурим хийхээс зайлсхийхийг зөвлөдөг.
-
Түншүү буюу харш өдөр: Тухайн хүний төрсөн жилийн амьтантай харшилдаг өдрүүдийг цээрлэдэг бөгөөд ийм өдөр гэрлэлт байгуулах нь үл ойлголцол, саад бэрхшээл дагуулахыг бэлгэддэг гэж үздэг.
-
Хар өдөр, муу нөлөөтэй өдрүүд: Зарим өдрийг шинэ ажил эхлүүлэх, хурим найр хийхэд тохиромжгүй гэж үздэг тул зурхайн цаглабараас урьдчилан шалгах нь зүйтэй.
Яагаад билэгт сайн өдөр сонгодог вэ?
Билэгт өдөр сонгох нь зөвхөн мухар сүсэг биш, харин шинэ амьдралаа хамгийн сайхан ерөөл, сайн билэгдлээр эхлүүлэх гэсэн монголчуудын олон үе дамжсан уламжлал юм. Хуримын өдөр аз жаргал, эв нэгдэл, элбэг дэлбэгийг бэлгэддэг учраас өнөөдөр ч олон хос зурхайн цаглабараас зөвлөгөө авч, өөрсдөдөө хамгийн тохиромжтой өдрийг сонгон хуримаа хийдэг билээ
2026 оны Дашням, Балжиннямтай өдрүүд:
-
2026.08.11 Мягмар гараг (Балжиннямтай)
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай,
-
2026.08.15 Бямба гараг (Балжиннямтай)
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа
-
2026.08.31 Даваа гараг (Дашнямтай)
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай,
-
2026.09.28 Даваа гараг (Дашнямтай, Балжиннямтай)
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа
-
2026.10.13 Мягмар гараг (Дашнямтай, Балжиннямтай)
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой









